Хархорум музейн төлөөллүүд Япон улсын Саппоро хотод
2023-08-31
Хархорум музейн төлөөллүүд Япон улсын Саппоро хотод 2023 оны 08 дугаар сарын 9-13 ны хооронд зохион байгуулагдсан Зүүн Азийн соёлын өвийн хадгалалт хамгаалалтын Симпозиумд оролцож Археологийн малтлагаар илэрсэн олдвор, эд өлгийн зүйлийг хадгалж хамгаалах олон улсын туршлагасаас судлахын зэрэгцээ Хархорум музейн лабораторид хийгдэж буй мод, лакан эдлэлийн бэхжүүлэлт, сэргээн засварлалтын ажлын явцыг холбогдох судалгааны байгууллага, эрдэмтэн судлаачдад танилцууллаа.
Мөн 08 дугаар сарын 14-24 ны хооронд Японы эртний түүхт Нара, Осака, Киото хотуудын их дээд сургууль, эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгүүдийн лабораторид хийгдсэн онол дадлага хосолсон сургалтад хамрагдав.
Сургалтаар органик, металл эдлэлд хийгдэж буй хадгалалт хамгаалалт, шинэ арга зүй, дэвшилтэт технологи, лабораторийн орчинтой танилцан материалын төрөл зүй тогтоох, уусмал бэхжүүлэх, цэвэрлэх дадлага ажлыг хийж нийт 7 доктор профессорын илтгэлийг сонсов.
Энэхүү Азийн өндөр хөгжилтэй улс орны соёлын өвөө хэрхэн хадгалж хамгаалж буй туршлага, судалгааны ажилтай газар дээр нь танилцах, мэдлэг мэдээлэл хуримтлуулсан арга хэмжээнд оролцоход дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Соёлын Яам, СӨҮТ хадгалалт хамгаалалт технологийн газрын дарга доктор Мэндбазарын Оюунтулга, Киото хотын Урлаг Дизайны Их сургуулийн докторант Д.Отгон, Япон улсын эрдэмтэн судлаачид, бусад дэмжиж тусалсан бүх хүмүүст талархсанаа илэрхийлье.
 
# Сэдвүүд
Цаг үе, үйл явдал