Мэндчилгээ
2023-05-17

Та бүхнийхээ амар амгаланг айлтгая.

Үе үеийн нүүдэлчин төрт улсуудын  өлгий нутаг Орхоны хөндийд Монголын их хаадууд эзэнт гүрнийхээ анхны нийслэлийг байгуулж, нэгэн үе дэлхийн улс төр, эдийн засаг, шашин соёлын төв болгон хөгжүүлсэн түүхтэй.

Монгол улсын Засгийн Газрын 2009 оны 271 дүгээр тогтоолоор Дэлхийн Өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газар болон Хархорум хоттой холбогдолтой түүх, соёлын үнэт дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, судлах сурталчлах үүрэг бүхий Хархорум музейг Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвд байгуулахаар шийдвэрлэсэн. Улмаар Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын 182 дугаар тушаалаар Хархорум музейн үндсэн чиглэл, 396 дугаар  тушаалаар Хархорум музейн дүрэм, бүтэц, орон тоог тус тус баталсан.

Хархорум музейн барилга байгууламжийг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан бөгөөд, орчин үеийн  музейн стандартад нийцсэн зохицол шийдэлтэй,  үзэсгэлэнгийн 2 танхим, хурлын танхим, номын сан, сэргээн засварлалтын лаборатори, угтах үйлчилгээний хэсгээс бүрдсэн нийт 1357,48 м2 талбайтай, 31 боловсон хүчинтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Та бүхэн аялал жуулчлалын төв бүс Орхоны хөндийгөөр аялахын ялдамд Монголын археологийн анхны музейгээр зочилж тухайн бүс нутаг дахь хүн төрөлхтний түүхийн хамгийн эртний үе Чулуун зэвсгийн үеэс Монголын эзэнт гүрний үеийг хүртэлх түүхтэй танилцан, археологийн биет олдворуудыг үзэж сонирхоно уу?

 

Та бүхнийг хүндэтгэсэн Хархорум музейн захирал
Т. Баяраа