Хархорум музей нь Итали Улсын Турин хотын Ази дорно дахины археологийн малтлага судалгааны төвтэй 2018 оноос эхлэн хамтран ажиллаж байна.
2023 онд МУИС, Хархорум музей, Италийн Турин хотын хотын археологийн малтлага судалгааны төв, Турин хотын Политехникийн Коллеж хамтран Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Баянголын ам гэдэг газарт 2023 оны 7-р сарын 22-оос 8-р сарын 3-ны хооронд хайгуул судалгааны ажлыг зохион байгууллаа. Судалгааны үр дүнд Монгол-Италийн хамтарсан экспедици Баянголын аманд буй эртний барилга байгууламжуудын туурийг 2 янзын дрон ашиглан баримтжуулж, GPS ашиглан газрын зураг дээр тухайн газруудыг тэмдэглэх, 3 хэмжээст загварчлалын тусламжтайгаар нарийвчлан тогтоож, газрын зурагт тэмдэглэх зэрэг суурь судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. Түүнчлэн цуглуулсан мэдээллүүдийг боловсруулж түүхийн эх сурвалж, өмнө нь хийгдэж байсан судалгаануудын мэдээлэлтэй харьцуулан тухайн нутаг дэвсгэр дэх суурин газруудын нарийвчилсан зургийг гаргахаар ажиллаж байна.
Судалгааны багийн бүрэлдэхүүнд;
Профессор У. Эрдэнэбат(Төслийн удирдагч-МУИС);
Доктор Роберта Менегази(Төслийн удирдагч-Итали талын төслийн удирдагч) ;
Профессор Карло Липолис(Турины Их Сургуулийн археологич);
Т. Баяраа(Хархорум музейн захирал);
Профессор Фабио Гилео Тоноло (Турины Политехникийн Коллежийн инженер);
Кристина Бонфанти(Инженер техникийн ажилтан);
Жиакомо Патруко(Турины Политехникийн Коллежийн инженер);
П. Баянсан(Хархорум музейн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан);
С. Энхмэнд(Хархорум музейн Эрдэм шинжилгээний ажилтан) нар тус тус ажиллаа.
Энэ жилийн судалгааны ажлын үр дүнг 2023 оны 08 сарын 03-ны өдөр Хархорин суманд үйл ажиллагаа явуулдаг соёл урлагийн байгууллагын ажилтнууд болон орон нутгийн иргэдэд энэ жил эхлүүлж буй төслийн үйл ажиллагаа, судалгааны тухай танилцуулж санал солилцсон юм.