БАЙНГЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАНХИМ
Байнгын үзэсгэлэнгийн танхим нь Чулуун зэвсгийн үе, Хүрэл зэвсгийн үе, Эртний улсуудын үе, Их монгол улсын үе гэсэн хэсгүүдэд хуваагдана. Үзмэр цуглуулгын хувьд Орхоны хөндий, Хархорум хоттой холбогдолтой түүх археологийн бодит олдворуудыг тайлбар танилцуулгаар баяжуулан үзүүлж байна.
ТҮР ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАНХИМ
Түр үзэсгэлэнгийн танхимд Булган аймгийн Баяннуур сумын Улаан хэрмийн Шороон бумбагар хэмээх дурсгалаас илэрсэн олдворуудыг цогц байдлаар дэлгэн үзүүлж, бунхны бүтэц зохион байгуулалтын тухай видео бичлэгийг англи, герман орчуулгатайгаар үзүүлдэг.
ЦАХИМ ҮЗҮҮЛЛЭГИЙН ХЭСЭГ
Виртуал орчинд байгуулсан XIII зууны Хархорум хот болон, Монгол улсын хосгүй үнэ цэнт дурсгалуудыг AR, VR технологи ашиглан нийтийн хүртээл болгоод байна.
УЛАМЖЛАЛТ ТОГЛООМ НААДГАЙН ТӨВ
Орхоны хөндийн бүс нутаг дахь ард иргэдийн гар дээр хадгалагдаж буй ховордсон монгол тоглоом наадгайг эрэн сурвалжлах соёлын биет бус өвийн судалгааны үр дүнд 2013 оноос тасралтгүй үзэсгэлэн зохион байгуулж байна. Мөн монгол уран бичлэгийн үзэсгэлэн, цагаан идээ, арьс шир боловсруулах зэрэг нүүдэлчдийн ахуйтай танилцуулах үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулдаг.